Монгол хэлэн дэхь хүндэтгэл, цээрийн үг хэллэг

September 30th, 2011 § 8 Comments

Хэл шинжлэлийн хувьд хүндэтгэн өргөх үг, цээрлэн эерүүлэх үг тусдаа ангилалд багтдаг гэж таагаад байна, гэхдээ энэ тэмдэглэлд хоёуланг нь нэг дор орууллаа.

Монгол улсын иргэд Монголоо алдаж, хүндэтгэл, цээрийн үгээ мартан, улмаар бүр долоон дордож хараалын, хар ярианы бүдүүлэг үг хэллэг замбараагүй хэрэглэх болжээ. Энэ тухай хэн хүнгүй мэдэж байвч өдөр тутмын амьдралд байнга тохиолддог болсон учраас буруугаар дассан юм болов уу? Үг хүчирхэг зүйл учраас бодолтой хэрэглэх ёстой. Муу үг модон улаатай… Гэхдээ бүдүүлэг үг хэллэгийн асуудал өөр сэдэв болно. Орхиё.

Цэвэлийн толь болон бусад эх сурвалжаас шүүрдэн авсан хүндэтгэл, цээрийн үгсийг танилцуулъя. Өөрийн тань мэдэх үг энд байхгүй аваас надад хэлж өгч хайрлаарай.

Олон салаа утгатай үгийн нөгөө утгыг орхигдуулав.

Айлтгал
Дээд хүнд сонсгох сонсгол үг бичиг; айлтгал үг; айлтгал бичиг
Айлтгах
Дээд хүмүүст үг хэлэх, дээд хүмүүст өргөдөл бичиг өгөх; үг айлтгах; амрыг айлтгах; айлтгах бичиг.
Ажаарах
Ажиглах болгоомжлохын хүндэтгэл.
Ажрах
Ирэх, одох, орших, нөгцөхийн хүндэтгэл
Алдар
Нэрийн хүндэтгэл; таны алдар хэн бэ?; нэр алдры нь асуув;
Алжаах
Хүний ядрах цуцах; алжаах цуцахыг үл мэдэх.
Амгалан
Мэндлэхэд хэрэглэх хүндэтгэл үг; амгалан байна уу?;
Авай
Эхнэр хүний хүндэтгэл
Авгай
Гуай, ах настныг хүндэтгэх үг, хүний нэрийн дараа хэлнэ
Авхай
Аливаа язгууртан хүний охин
Баринтаг
хуучирсан Дээл хувцасны хүндэтгэл
Бие лагшин
Биеийн хүндэтгэл
Гангар
Аяганы хүндэтгэл
Гийх
Төрөхийн хүндэтгэл
Гэргий
Эхнэр, эр нөхөртэй эмэгтэйг хүндэтгэн ийнхүү нэрлэнэ
Даллагын хөнөг
Даллагын уутын хүндэтгэл
Дээшлэх
Босохын хүндэтгэл
Жанч халах, жанч арилжих
Лам нарын үхэхийн хүндэтгэл
Живэр
Сахлын хүндэтгэл
Залрах
Хүний ирэх, очих, үхэхийн хүндэтгэл; заларч ирэх; заларч язах; тэнгэрт залрах.
Исгүүр
Хутгын хүндэтгэл
Ламтан, ламхай
Ламын хүндэтгэл
Мал муулах, төхөөрөх, гаргах
Мал алахын цээр үг
Мишээх
Инээхийн хүндэтгэл
Морилох
Явахын хүндэтгэл; морилон орно уу; та дээшээ морил
Мутар
Гарын хүндэтгэл
Мутарлах
Гараар барихын хүндэтгэл
Гарын үсэг зурахын хүндэтгэл
Мэлмий
Нүдний хүндэтгэл
Мэндлэх
Төрөхийн хүндэтгэл
Мөшөөх
Мишээх, инээхийн хүндэтгэл
Навс
шашин Хувцасны хүндэтгэл; бурханы навс
Нойрсох
Унтахын хүндэтгэл; хүүхэд нойрсож байна
Ноёхон
Авхай, ноёны охин
Ноёгтой
Ноён хүний гэргий, хатан, эхнэр
Ноён эмэгтэй
Овоодой
хуучирсан Лам ноёдын малгайн хүндэтгэл
Өндөрлөх
Найр хуримын төгсч тарах
Өгий
Эмэгтэй хүнийг дуудах хүндэтгэл
Өлмий
Хөлийн хүндэтгэл
Өргөө
Гэрийн хүндэтгэл
Өргөөлөх
Гэрлэхийн хүндэтгэл
Хүндэтгэвэл зохих хүний гэртээ орших
Таалал
Хүндэтгэвэл зохих хүний дур, санаа; таалалд нь нийлүүлэх; таалал гажих; тогтоосон таалал
Таалал төгсөх
Үхэхийн хүндэтгэл
Тойн
Ламын хүндэтгэл
Хайрлах
хуучирсан Өгөхийн хүндэтгэл; над хишиг хайрлаж билээ
Хайрхан
хуучирсан Хүндэтгэх бишрэх, нэрийг цээрлэхэд хэлэх үг; хайрхан уул; урт хайрхан цээрлэсэн /могойн өөр нэр/
Халих
Үхэхийн хүндэтгэл; сүүдэр халих
Хатагтай
Эмэгтэй хүний хүндэтгэл
Хатан
Ноён хүний эхнэр
Эмэгтэй хүний хүндэтгэл
Хишиг
Өглөгийн хүндэтгэл
Хүртээх
Түгээж олгуулахын хүндэтгэл
Цөгц
Аяганы хүндэтгэл; хүүхдийн хүндэтгэл
Тэргүүн
Толгойн хүндэтгэл
Шанх
Үсний хүндэтгэл
Шунхлах
Хүндэтгэвэл зохих хүний хамраас цус гарах.
Эрвээлж
Эмээлийн хүндэтгэл
Эрхэм
Хүний хүндэтгэл; эрхэм нөхөд; эрхэм сайд; эрхэм ах;
Эрхэмсэг
Хүндэтгэл үг; эрхэмсэг ноён; эрхэмсэг дарга
Эрхэн
Хүндэтгэл үг; эрхэн хүн; эрхэн нөхөр
Эсгүүр
хуучирсан Хутганы хүндэтгэл

Энэ бол ердөө хуурай жагсаалт юм. Харин гарт ойрхон исээ найруулал гэвэл Нагаанбуу гуайн бэлгэдэл цээрийн ёсны тухай нийтлэлийг уншаарай. Мөн эрдэмтэн Н.Доржготов гуайн бичсэн нэгэн нийтлэл байна.

Д.Нацагдорж гуйн нэрэмжит номын санд Монгол хэлний хүндэтгэлийн үг гээд бүр бүтэн ном байна. Унших юм мундахгүй байна, олж үзэх л хэрэгтэй.

Эндээс шинэ үг сурсан бол сайн хэрэг. Гэхдээ “хүндэтгэлийн” гэснийг анзаарч хаана, хэзээ, хэнд хандаж хэлэхээ бодох хэрэгтэй шүү.

Сайн яваарай, залуу минь.

§ 8 Responses to Монгол хэлэн дэхь хүндэтгэл, цээрийн үг хэллэг

  • Хүнд хэрэгтэй, анхаарууштай, мэдүүтэй, Дагаж мөрдүүштэй, сайхан нийтлэл болжээ.
    Судалгаандаа Хотын нийтийн номын сангийн Онлайн каталогийг ашигласан байгаа нь хүртэл их таалагдлаа.

    Амжилт хүсье.

  • lg says:

    Андаа энэ ёстой гоё.Бид дандаа ингэж ярьдаг бол сайханаа.Би заримдаа их бухимддаг.Хайртай хүмүүс маань надтай доромж утгаар орилж ярихад их бухимддаг.

    “Уяхан замбуутивийн наран” гээд гоё монгол кино байдаг.Энэ кино маш гоё.Жинхэнэ монгол хэлний яруу сайхныг илтгэсэн кино.Чи олохыг бодоорой.

  • lg says:

    “Уяхан замбуу тив” юм байна шүү.

  • dolugen says:

    Баярлалаа хө.

    Тэр киног үзээгүй юм байнаа. Олж үзнээ.

  • Nomiko says:

    Хѳѳх, ямар сайхан нийтлэл оруулаа вэ!!! Түмэнд тустай, ѳгѳѳжтэй сайхан ажил хийжээ. Нэг асуулт: Гангар, цѳгц 2 хоёулаа аяганы хүндэтгэл юм байна, гэхдээ утгын хувьд хоорондоо үл ялиг ялгаатай байх, тийм үү ?

    • dolugen says:

      Гангар шаазан гэдэг. Цөгц гэхээр зулын цөгц шиг багахан аягыг хэлдэг юм болов уу? Ном зохиолоос ямар үед хэрэглэснийг нь унших хэрэгтэй байх.

  • amgaa says:

    Баярлалаа, нүд нээлээ. Манай энэ мангар сэтгүүлчид би бид, энд тэнд ХҮРЭЛЦЭН ирлээ гэж тэнэгтэхийн. Тэнэгтэж байна шүү гэдгийг нь яаж хэлж өгье дөө байз.

  • mn says:

    Mongoliin seheetnuud duuschih geed baina gej neg aidastai yavdag. Iim seheetnuud hovorgui baigaasai.

    “Уяхан замбуу тив” gej kinog haanaas olj uzeh ve, er medehgui jum bna.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

What’s this?

You are currently reading Монгол хэлэн дэхь хүндэтгэл, цээрийн үг хэллэг at Улбар блог.

meta

Follow

Get every new post delivered to your Inbox.